cat-right

Гурав дахь үеийн сүйрэл

Хэд хоногийн дараа он солигдоход гучруу хэлбийсэн насруугаа орлоо. Хорин хэдэн насныхаа талыг нь элээчихэж. Өөрөөсөө илүү ихийг шаардах боловч санаснаар болохгүй юм. Өдийг хүртэл хийж бүтээсэн нь ч яахав больё сурч мэдсэн зүйлээ бодохоор чамламаар...

Өнгөрсөнөө бодохоор уруудах бас алдаж онох үе олон байжээ. Харин тэр болгоны дараа огцом хөгжиж байсан байх юм. Хүний хөгжлийн гол шалтгаан нь өөр юу ч биш зөвхөн өөрийгөө голох явдал байдаг гэж Зигмунд Фрэйдийн онолд үздэг. Тэгэхээр аливаа уналт агуу их амжилтын эхлэл байдаг бололтой. Эсрэгээрээ агуу их амжилт уналтын эх байдаг гэвэл та итгэх үү?

Юм бүхэн мөчлөгтэй байдаг. Хүний гурваас олон үеийн турш дэлхийн нэг номерын улс байсан америк гүрэн одоо ганхаж эхэллээ. Mortgage ийн хямралаас үүдсэн энэ уналтынх нь цаад шалтгаан нь Фридманы тодорхойлсон гурван үеийн сүйрэлээс үүджээ.

Дайнд ялагдах эсвэл аймшигт уналтын дараа улс орон хурдацтай өсдөг, Тэр үеийн хүмүүс өөрсдийгөө асар их голдог учраас биеэ дээд зэргээр дайчлан ажилладаг. Жишээ нь дайны дараах Япон, Герман. 50 иад оны Япон хүмүүс үнэхээр гайхамшигтай хөдөлмөрлөж байсан. долоо хоногийн 6 өдөр, өдөрт 12 оос дээш цаг борив бохисхийлгүй ажилладаг байлаа. дайнд ялагдсан гутрал, дээр нь ямар ч газрын баялаггүй, юу ч үгүй, дэлхий нийтийн өмнө шившиг болсон улсаа аврахын тулд ингэж ажиллахаас өөр аргагүй байлаа.

Гэвч хүний ганц үе бүхэл бүтэн улсыг хөгжүүлэхэд хангалтгүй. Энэ 1-р үе бүхэл хүчээ дайчлан ажилласны дүнд хойч үедээ сайн дэд бүтэц, сайн засаглал, сайн орчин, гарааны хөрөнгө, бяцхан мэдлэг туршлагыг үлдээдэг. Харин тэдний хүүхдүүд буюу хоёрдугаар үе ээж аавынхаа яаж зовж ажиллаж байгааг харж өсдөг. Тэд ээж аав нарыгаа бодвол хамаагүй дээр орчинд хамаагүй дээр боловсролоор ажилцгаадаг. Тийм ч болохоор тэд л улсаа жинхэнэ дээд цэгт нь хүртэл хөгжүүлдэг.

Харин гуравдугаар үе бүх юм нь бэлэн зэлэн, элбэг баян орчинд өсдөг. Тэд сурах мэдэхийн оронд зугаа цэнгэлийг дээдэлж бойждог. Тийм хүмүүс өвөг дээдсийнхээ бүтээсэн баялагийг зөвхөн үрж л чаддаг. Гуравдугаар үеийн сонгодог жишээ бол Фрийдманы тодорхойлсоноор одоогийн залуу, бүдүүн, онгироо, биеэ тоосон, залхуу америкчууд юм.

Харин Монголын залуу үе бид нар хэддүгээр үе юм болоо? Санал бодлоо солилцоцгооё залуусаа.

Төвлөрөн хөгжихүй (төрөлжин хөгжихүйн үргэжлэл)

Хэд хоногийн өмнө бичсэн төрөлжин хөгжихүй бичлэгийнхээ үргэлжлэлийг амласан ёсоороо нийтэлж байна. төрөлжин хөгжихүй бичлэгт Давид рикардогийн харьцангуй давуу талын онолын дагуу манайх шиг жижиг улс аль нэг бүтээгдэхүүнээрээ дагнан төрөжиж хөгжих нь хөгжлийн маш чухал гарц байх бөгөөд энэ нь манайх шиг алслагдмал бөглүү улсад тоон хэлбэрт шилжүүлж болох бараа, ажил, үйлчилгээ байж болох талаар дурьдсан. Энэ бичлэгийг маань ЭМОС клубын Наранбаяр, МОСА ийн жавхаа нар өөрсдийн хувилбараар илүү баяжуулан, өөр өнцөгөөс харан бичсэн байна лээ. Сонирхолтой санагдсан шүү.

Америкийн баруун эргийн дагуу орших өргөн уудам хөндийд Стэнфордын их сургуулийн санаачлагаар төр хувийн хэвшлийн түншлэл (Public Private Partnership PPP) ийн дүнд нэгэн өвөрмөц хөгжлийн загвар бүрэлдэн бий болжээ. 50 иад оны Америкийн төр эдийн засгийг өргөжүүлэх зорилгоор хөл дээрээ тогтоогүй компаниудад ихээхэн хөрөнгийг зарах болсон ч үүнийг яаж дэмий хоосон салхинд хийсгэчихгүй байх вэ гэдэг асуудал тэдэнд тулгарж байлаа. Учир нь практик дээр шинээр байгуулагдаж байгаа 10 компанийн 8 нь дампуурч байсан тул ирээдүйд ашиг олох төслүүдийг бусдаас нь ялгаж санхүүжүүлнэ гэдэг тун эрсдэлтэй зүйл байв.

Харин удалгүй Америкийн төр хувийн хэвшилтэйгээ хамтран энэ асуудлыг гайхалтайгаар шийдэх загварыг бий болгон нэвтрүүлсэн нь эрсдэлийн бизнес (venture capital) хэмээх загвар байлаа. Яаж гэхээр 10 компанийг нэг дор төвлөрүүлээд тус бүрд нь 100 мянган долларын хөрөнгө оруулалт хийнэ. Тэгээд тэднийгээ нэгдсэн журмаар үйл ажиллагааг нь жигдрүүлэх дэмжлэг, туслалцаа үзүүлэн хөл дээр нь зогсоох бодлого явуулсанаар хэсэг хугацааны дараа 7 нь дампуурч 3 нь хөл дээрээ тогтон ашгаа өгч байлаа. Хэдийгээр 7 компанийн 700 мянган доллар салхинд хийссэн боловч үлдсэн 3 компани нь бусад амжилтгүй хөрөнгө оруулалтаа нөхөж, улмаар хэд нугалсан өгөөж өгч байлаа.

Энэ нь их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудад ч ашигтай тусч байлаа. Эрдэмтдийн лабороторид бий болсон өндөр технологи, ирээдүйтэй бараа, бүтээгдэхүүнүүд энэ загварын ачаар санхүүжигдэн үйлдвэрлэлд маш амжилттайгаар нэвтэрч байсан юм.

Ийнхүү оюуны хөрөнгө, эрсдлийн хөрөнгө хоёрын хослол нь баруун эргийн энгийн нэгэн хөндийд хөгжлийн бүүм хийсэн юм. Удалгүй сэтгүүлчид энэ газрыг дэвэргэн цахиурт хөндийн (Silicon Valley) гэх болжээ.

Алдарт цахиурт хөндийн загвар цаашид улам боловсронгуй болж улс орон бүр эдийн засгийн аль нэг төрөл тэр дундаа тоон хэлбэрт шилжүүлж болох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхдээ энэхүү загварыг ашиглах болов. Энэ загвар улам хөгжин боловсронгуй болсоор Бизнес кластер хэмээх онолыг бий болгожээ. Энэтхэгийн бангалор, Хятадын Дальяан гэх мэт олон кластерүүд толгой эргэм ашиг олж, улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар.

Харин манай орны хувьд барилгын материалын кластер зуун айл, Архичдын кластер өвгөнтийн хөндий л байна даа гээлүү за энэ наргиан байлаа.

Бид ч бас олон улсын жишгийг даган өөрсдийн МТ-ийн кластерийг бий болгохоор ажиллаж байна. 2002 онд Монголын МТ-ийн салбарын хөгжлийг хурдасгах зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний паркыг байгуулсан нь ихээхэн алсаа харсан ирээдүйтэй хэрэг байсан юм. Хэдийгээр гадны том кластерүүд шиг байж чадахгүй ч цаашдаа монголын тоон хэлбэрт шилжүүлж болох бараа бүтээгдэхүүний төвлөрөл, эрсдлийн бизнес, судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургууль, иноваци, бизнесийг дэмжих төвүүд бүхий мундаг кластер болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Гагцхүү дээр байгаа хөгшин бурхинууд л үүнийг хир сайн ойлгож дэмжихээс хэзээ гэдэг шалтгаална.

50 тэрбумыг Ямаанд өгөх эсвэл энэ мөнгөө МТ-ийн кластер байгуулж эрсдлийн хөрөнгийн фонд, аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэгт зориулах хоёрын гарах үр дүнг бараг харьцуулашгүй бизээ.

Банкны талаар бичлэг

Эхний жишээ:

Хүү явсаар нэгэн дундад зууны үеийн европын шилтгээн гэмээр том хүрэн хаалга, маш өндөр таазтай сүрлэг багана бүхий цэлийсэн танхимд орно. Үүдэнд нь эртний хэв маягаар банк гээд биччихсэн байх бөгөөд дотор нь дүүрэн язгууртан шинжтэй өндөр бүрх малгай, пиджак, дэгжин нүдний шил, таягаар гангарсан хүмүүс суух нь суугаад, ярилцах нь ярилцаад, үйлчлүүлэх нь үйлчлүүлээд байж байлаа.

Хүү гартаа нэг алтан зоос барьчихсан байхыг тэндхийн нэг ажилтан бололтой өвгөн олж хараад дөхөж очин "Чи энэ зоосоо банкинд хадгалуулбал хэсэг хугацааны дараа энэ мөнгө чинь өсөх болно. чи илүү их мөнгөтэй илүү баян болмоор байна уу?" гэж асуулаа хүү өөртөө итгэлтэйгээр "Үгүй ээ би баян болох дургүй би үүгээр мөхөөлдөс л авах гэсэн юм гэв. Гэтэл өвгөн " За тийм байж чи тэр урт дарааллыг харж байна уу? тэд бол мөнгө хэрэгтэй болсон хүмүүс тэдэнд чиний мөнгө ямар их хэрэгтэй байгааг харж байгаа биздээ?" гээд дуулж гарав. Дуундаа банкинд мөнгө хадгалуулах нь ямар ашигтай, яагаад хүмүүс хадгалуулдаг талаар өгүүлж. Өнөөдөр чи энэ мөнгөөр нэг зайрмаг авна. банкинд хадгалуулаад жаахан хүлээвэл хоёрыг авна ля ля гэж ирээд бүжиглэж, дуулахын хажуугаар цэвэрхэн цагаан цамцаар жигдэрсэн царайлаг бүсгүйчүүд хойно нь эгнэн зогсож дууг нь түрж гарав...

Гэнэт хүү чангаар "Үгүй ээ би мөнгөө хадгалуулахгүй гэж" хашгиртал тэнд байсан хүмүүс сэрдхийн "хадгалуулахгүй гэж байна! хадгалуулахгүй гэж байна. . ." хэмээн шивнэлдэж эхлэв. "Цаана чинь хүмүүс мөнгөө хадгалуулахгүй гээд байна. Ямар нэгэн юм болсон бололтой. Би ерөөсөө мөнгөө хадгалуулахаа больлоо" гээд нэг эмгэн банкнаас гарж одов. Гэтэл түүний хэлхийг сонссон эхнэр нөхөр хоёр: "Хоёулаа хадгаламжинд байгаа мөнгөө авья. юмыг яаж мэдэхэв банк дампуурах гээд энэ эмгэн больж байгаа ч юм билүү" гээд гүйж одов. Удалгүй танхимд үймээн болж эхлэв...

Кадр солигдоход танхимд газраар хөглөрөх хэрэггүй бичиг цааснууд, шатан дээр шанаагаа тулаад гуниглан суух өвгөн хоёроос өөр зүйл үлдээгүй байлаа...

Хоёр дахь жишээ"

Хотын хамгийн том банк гол хаалганыхаа гадна талд том саравч хийсэн байжээ. Нэгэн бороотой өдөр хүмүүс борооноос нуугдах гээд банкны үүдэнд бөөгнөрөөд зогсож байв. Түүний хажуугаар өнгөрч явсан хоёр хүн хоорондоо ийн ярилцав. "Энэ банкны үүдэнд яагаад ийм олон хүн зогсож байдаг билээ?" нөгөөх нь "мэдэхгүй юмдаа банкинд ямар нэгэн асуудал гарсан юм болов уу? магадгүй хүмүүс хадгаламжин дахь мөнгөө авах гээд оочерлож байгаа байх"

Энэ цуу яриа цаашаа үргэлжлэн "банк дампуурах гэж байгаан гэнэ" гэсэн яриа болж хувирав. Хүмүүс юмыг яаж мэдэхэв гээд хадгаламжаа татаж эхлэв. Ингээд хэдхэн хоногийн дараа хотын хамгийн том, хамгийн баян, хамгийн найдвартай банк дампуурлаа зарлажээ.

Эхний жишээг би бага байхдаа үзэж байсан хэдэн хүүхдүүд нэг цэнхэр шувууг хайгаад олон газраар явж байгаа тухай гардаг мюзиклээс сэдэвлэн бичлээ. харин сүүлийн жишээг нэг найзаасаа сонсож байсан юм.

Энэ хоёр жишээ нь банкны салбар ямар эмзэг гэдгийг харуулж байна. Дээрх хоёр банк хоёулаа том, мөнгөтэй, найдвартай банкууд байсан. гэвч хоромхон хугацаанд санамсаргүй гарсан цуу ярианаас болж дампуурж байна. Тэр яриа гараагүй бол банк байдгаараа оршиж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан хэвээрээ л байх байсан даа.

Альваа улсын хувьд Мөнгө, санхүү нь цус нь гэж бодвол хөрөнгийн бирж зүрх нь, банкны систем судас нь байх болов уу. Банкны системийг төв банк нь арилжааны банкуудтайгаа нийлээд бүрдүүлж байдаг. Арилжааны банкны зөвхөн нэг нь л дампуурахад бусдыгаа чирээд дампуураад дампуураад явчдаг гэж байгаам. Шалтгаан нь яг л дээрх жишээн дээрх шиг. Хүмүүсийг итгэл л үүнийг зогсоож чадна.

Хүмүүсийн итгэл дээр тогтож байдаг маш эмзэг зүйл боловч улс орны эдийн засгийн гол түшиг тулгуур, хурдасгуур байдаг банкуудаа аварцгаая. Ингэхийн тулд зүгээр л банкууддаа итгэцгээе. Та хадгаламжаа татах гэж байгаа бол дахиад нэг сайн бодоод үзээрэй... Бас энэ бичлэгийг илүү олон хүнд тараагаарай.

Төрөлжин хөгжихүй

Маркс, Энгелсийн зөнч онолыг амьдралд аймшигт гажуудал болгон туршсан Ленин, Сталин нарын бүтээл коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас Адам өвөөгийн үүсгэж кэйнс фридман ах нарын баяжуулсан чөлөөт эдийн засаг руу шилжих хүнд хэцүү боловч сонирхол дүүрэн үеийг бид ардаа хийлээ. Одоо шилжилтийн үе дууссан хийх бүтээх үе эхэлсэн...

Монгол улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 121 т бичигдэж байна. Ерөнхийдөө олдог орлогоороо сүүл мугшиж байна гэсэн үг.

Манай улс хэд хэдэн онцлогтой эхнийх нь хэт бага хүн ам. 2,6-хан сая хүнтэй зах зээлтэй болохоор эдийн засаг хөгжихгүй байна гэж ярьдаг. Миний бодлоор бол харин ч эсрэгээрээ. 450 орчим мянган хүнтэй люксэнбург улс нэг хүнд ноогдох ДНБ ээрээ дэлхийд тэргүүлж байхад 300 мянган хүнтэй Исланд 4т бичигдэж байна. Мөн 4 сая хүнтэй Норвег 2т 9 сая хүнтэй Швед 8д бичигдэж байх жишээтэй.

Эдгээр нь бүгд export-oriented буюу гол орлогоо экспортоос бүрдүүлдэг улсууд юм. Яагаад гэвэл дотооддоо зах зээл байхгүй юм чинь. Мөн маш цөөн салбарыг сонгон авч түүгээрээ дагнан үйлдвэрлэл явуулдаг. Люксенбург банк, санхүүгийн бүтээгдэхүүнээр дагнадаг бол Финланд электроникийн үйлдвэрлэл, Швед тавилга, модон эдлэлээр, Исланд загасны аж ахуйгаар төрөлждөг.

Энэ бүгдээс хархад хятад, орос гэх мэт хүн ам ихтэй улс бүх юмаа өөсдөө үйлдвэрлэх нь ашигтай бол манайх шиг жижиг улс аль нэг салбарыг сонгон авч түүгээрээ export-oriented улс болж чадвал харин ч илүү байхаар харагдаж байна. Швецарь цагаараа, Япон электрон бараагаараа, Малайз чип үйлдвэрлэлээрээ, Бразил кофегоороо, Итали Хувцасаараа дэлхийд алдартай харин Монгол юугаараа алдартай вэ?

За алдартай болох нь ч одоо дүүрч гол нь Люксенбург шиг цөөхүүлээ мөртлөө их мөнгө олдог улс больё лдоо. Ингэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Харин юугаар дагнан төрөлжиж чадах вэ? Үүнд хариулахын тулд хамгийн эхлээд Давид Рикардо гийн онолын дагуу харьцангуй болон үнэмлэхүй давуу талаа олж харах хэрэгтэй.

Түүний давуу талын онолоор альваа улс өөрийн хамгийн сайн бөгөөд бага зардлаар үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ дагнан үйлдвэрлэн бусад оронд экспортолж өндөр зардлаар хийгддэг эсвэл хийж чаддаггүй зүйлүүдээ гаднаас импортолж авах нь нийт бүтээмж буюу ДНБ ийг нэмэгдүүлдэг гэдэг. Хөдөлмөрийн хуваарь дан гагц хувь хүн дээр яригдахгүй улс орнууд дээр ч яригдана гэсэн санаа.

За тэгвэл бид юугаар төрөлжих вэ? Монголын бас нэг онцлог бол landlocked буюу далайд гарцгүй, алслагдмал, түгжигдмэл байдал. Энэ нь физик утгаараа бодит, биет бүтээгдэхүүнийг экспорлоход тээврийн зардал хамгийн их гай болдог нь бидэнд маш том сул тал болж байна. Монголд нэг сандал хийчихээд түүнийгээ америкт нийлүүлэхийн тулд хятадын Дальян боомт хүртэл газраар зөөгөөд дараа нь тэндээсээ усан онгоцонд ачуулна. Ингэсээр байтал Шанхайн боомттой ойрхон орших хятад сандалын үйлдвэрийнхээс бараг 10 дахин үнэтэй болж очно. хэн авхав дээ.

Харин Монгол улс тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөж чадна. Тоон (Digital) хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн гэдгийг их энгийнээр ойлговол компьютер дээр хийж болох ажлууд гэсэн үг. Санхүүгийн тайлан гаргах, График дизайны ажлууд, Програм зохиох, Утсанд хариулах, Өгөгдөл оруулах гэх мэт маш олон ажлууд байж болж байна.

Өнгөрсөн зууны эхээр дэлхийн нийт баялагийн 80 хувийг цэнхэр захтанууд буюу бие үйлдвэрлэлийн салбарынхан бүтээдэг байсан бол. Одоо үед нийт баялагийн 90 ээс дээш хувь нь оюуны салбарт бүтээгдэж байна. Оюуны үйлдвэрлэлийг ерөнхийд нь зуун хувь тоон хэлбэрт шилжүүлж болно. Тэхээр асар том зах зээл байгаа нь ажиглагдаж байна.

Тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн давуу тал гэвэл маш олон. Жишээлбэл интернэтээр дамжуулдаг учраас тээврийн зардал бараг тэгтэй тэнцүү. Мөн үндсэн хөрөнгө оруулалт нь хүнээ хөгжүүлэх, мэдлэгт суурилсан байдаг тул хүн амын боловсролыг дээшлүүлж, үүний үрээр соёл ухамсар ч сайжирдаг.

Би энд мэдээллийн технологийг яриагүй. Мэдээллийн технологи бол дэд бүтэц буюу замтай адилхан дамжуулах хэрэгсэл юм. Түүн дээгүүр урсах бараа бүтээгдэхүүнийг л ярьж байна. Эдгээр тоон хэлбэрт шилжиж болох бараа, бүтээгдэхүүний аль нэг хэсгийг нь сонгож аваад л түүгээр төрөлжөөд дагнаад явчих асуудалыг л дэвшүүлж байна. Асар ирээдүйтэй, асар боломжтой. . .

Дараагийнхаа бичлэгийг сонгож авсан төрөлжилтөө хэрхэн дэмжин хөгжүүлэх талаар төвлөрөн хөгжихүй сэдвээр бичих болно.