cat-right

Сүлбээр зүүний онол

Барилгачид өндөр өндөр барилга барьдаг, харин монголчууд шавар амбаар л барьж чаддаг...

Өнөөдөр жаахан шүүмж бичлэг бичдэг юм бил үү?. Монгол хүмүүс чадваргүй, залхуу гэж хэлэх гэсэнгүй. Харин нэг л зүйлийг сурах шаардлагатай гэдгийг санал болгох гэсэн юм. Энэ дутагдалаа бид бүгдээрээ сайн мэднэ. гэвч амьдрал дээр хэрэгжихгүй байсаар л ...

Дээхэнэ нэг танил маань Монголчууд их чадвартай улс, жишээ нь солонгос хүмүүс компьютерт нь жаахан асуудал үүслээ гэхэд шууд засварчин дууддаг, харин монгол хүн бол өөрөө нухсаар байгаад засчихдаг гэж их л бахархалтайгаар хэлж байж билээ.

Бидний хувьд бол мэдэхгүй техник гэж байхгүй. юу нь л эвдрэнэ өөрөө яаж ийж байгаад л засчихна. "монголчилох" гэдэг шиг.

За тэгээд бизнес хийлээ гэхэд нэг л их универсал хүмүүс. Болсон болоогүй бүгдийг нь л хийх гэж дайрна. Нэг жижигхэн компани гэхэд л Барилга, Санхүү, Худалдаа, Үйлдвэрлэл, үйлчилгээ гээд олон салбарт хүч үзнэ. олсон ашгаараа биш, хир олон төрлийн салбарт ажиллаж байгаагаараа уралдацгаадаг бололтой.

Менежментийн хувьд бас л бүгдийг өөрөө гэсэн зарчимтай. Байгууллагынхаа лого г захирал нь өөрөө фотошоп дээр халтарлаж, санхүү бүртгэлээ нягтлан нь эксел дээр оронцоглоно. Өөрсдөө хийчих юмыг гадны үнэтэй мэргэжилтнүүдээр хийлгэж мөнгө үрэх ямар хэрэг байна гэж захирал нь цэцэрхэнэ.

Монгол хүн барилга барихдаа өөрөө дизайнаа гаргаад өөрөө шавраа зуураад өөрөө тоосгоо өрөөд явчихдаг. Явцуухан харвал их л мундаг хүмүүс шиг. Гэхдээ үр дүн нь шавар байшингаас хэтрэхгүй. Харин бусад улсынхан нэг нь дизайнаа гаргаж, нэг нь шавараа зуурж, нөгөө нь тоосгоо өрдөг. ингэснээр тэд өндөр өндөр барилгуудыг сүндэрлүүлж чаддаг. хөдөлмөрийн хуваарь гэдэг шиг.

Сонгодогуудаас иш татваас Альфред Маршалын сүлбээр зүүний онолд энэ талаар дурьдсан байдаг. Нэг нь төмөр утсыг тасалж, нөгөө нь тахийлгаж, гурав дахь нь үзүүрлэж, бас нэг нь тавыг нь хийнэ. үлдсэн нь уутлана. ингэснээр тухайн үйлдвэрлэлийн нийт бүтээмж дан дангаараа хийсэнээс хамаагүй илүү байх болно гэсэн онол. Менежментийн эцэг Фрэйдрих Тэйлор үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж Генри Форд үүний л ачаар асар их ашиг олсон.

Харин бид сүлбээр зүүний онол буюу хөдөлмөрийн хуваарийн ач тусыг нэг л сайн үнэлэхгүй байх шиг...