Банкны талаар бичлэг
Эхний жишээ:
Хүү явсаар нэгэн дундад зууны үеийн европын шилтгээн гэмээр том хүрэн хаалга, маш өндөр таазтай сүрлэг багана бүхий цэлийсэн танхимд орно. Үүдэнд нь эртний хэв маягаар банк гээд биччихсэн байх бөгөөд дотор нь дүүрэн язгууртан шинжтэй өндөр бүрх малгай, пиджак, дэгжин нүдний шил, таягаар гангарсан хүмүүс суух нь суугаад, ярилцах нь ярилцаад, үйлчлүүлэх нь үйлчлүүлээд байж байлаа.
Хүү гартаа нэг алтан зоос барьчихсан байхыг тэндхийн нэг ажилтан бололтой өвгөн олж хараад дөхөж очин "Чи энэ зоосоо банкинд хадгалуулбал хэсэг хугацааны дараа энэ мөнгө чинь өсөх болно. чи илүү их мөнгөтэй илүү баян болмоор байна уу?" гэж асуулаа хүү өөртөө итгэлтэйгээр "Үгүй ээ би баян болох дургүй би үүгээр мөхөөлдөс л авах гэсэн юм гэв. Гэтэл өвгөн " За тийм байж чи тэр урт дарааллыг харж байна уу? тэд бол мөнгө хэрэгтэй болсон хүмүүс тэдэнд чиний мөнгө ямар их хэрэгтэй байгааг харж байгаа биздээ?" гээд дуулж гарав. Дуундаа банкинд мөнгө хадгалуулах нь ямар ашигтай, яагаад хүмүүс хадгалуулдаг талаар өгүүлж. Өнөөдөр чи энэ мөнгөөр нэг зайрмаг авна. банкинд хадгалуулаад жаахан хүлээвэл хоёрыг авна ля ля гэж ирээд бүжиглэж, дуулахын хажуугаар цэвэрхэн цагаан цамцаар жигдэрсэн царайлаг бүсгүйчүүд хойно нь эгнэн зогсож дууг нь түрж гарав...
Гэнэт хүү чангаар "Үгүй ээ би мөнгөө хадгалуулахгүй гэж" хашгиртал тэнд байсан хүмүүс сэрдхийн "хадгалуулахгүй гэж байна! хадгалуулахгүй гэж байна. . ." хэмээн шивнэлдэж эхлэв. "Цаана чинь хүмүүс мөнгөө хадгалуулахгүй гээд байна. Ямар нэгэн юм болсон бололтой. Би ерөөсөө мөнгөө хадгалуулахаа больлоо" гээд нэг эмгэн банкнаас гарж одов. Гэтэл түүний хэлхийг сонссон эхнэр нөхөр хоёр: "Хоёулаа хадгаламжинд байгаа мөнгөө авья. юмыг яаж мэдэхэв банк дампуурах гээд энэ эмгэн больж байгаа ч юм билүү" гээд гүйж одов. Удалгүй танхимд үймээн болж эхлэв...
Кадр солигдоход танхимд газраар хөглөрөх хэрэггүй бичиг цааснууд, шатан дээр шанаагаа тулаад гуниглан суух өвгөн хоёроос өөр зүйл үлдээгүй байлаа...
Хоёр дахь жишээ"
Хотын хамгийн том банк гол хаалганыхаа гадна талд том саравч хийсэн байжээ. Нэгэн бороотой өдөр хүмүүс борооноос нуугдах гээд банкны үүдэнд бөөгнөрөөд зогсож байв. Түүний хажуугаар өнгөрч явсан хоёр хүн хоорондоо ийн ярилцав. "Энэ банкны үүдэнд яагаад ийм олон хүн зогсож байдаг билээ?" нөгөөх нь "мэдэхгүй юмдаа банкинд ямар нэгэн асуудал гарсан юм болов уу? магадгүй хүмүүс хадгаламжин дахь мөнгөө авах гээд оочерлож байгаа байх"
Энэ цуу яриа цаашаа үргэлжлэн "банк дампуурах гэж байгаан гэнэ" гэсэн яриа болж хувирав. Хүмүүс юмыг яаж мэдэхэв гээд хадгаламжаа татаж эхлэв. Ингээд хэдхэн хоногийн дараа хотын хамгийн том, хамгийн баян, хамгийн найдвартай банк дампуурлаа зарлажээ.
Эхний жишээг би бага байхдаа үзэж байсан хэдэн хүүхдүүд нэг цэнхэр шувууг хайгаад олон газраар явж байгаа тухай гардаг мюзиклээс сэдэвлэн бичлээ. харин сүүлийн жишээг нэг найзаасаа сонсож байсан юм.
Энэ хоёр жишээ нь банкны салбар ямар эмзэг гэдгийг харуулж байна. Дээрх хоёр банк хоёулаа том, мөнгөтэй, найдвартай банкууд байсан. гэвч хоромхон хугацаанд санамсаргүй гарсан цуу ярианаас болж дампуурж байна. Тэр яриа гараагүй бол банк байдгаараа оршиж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан хэвээрээ л байх байсан даа.
Альваа улсын хувьд Мөнгө, санхүү нь цус нь гэж бодвол хөрөнгийн бирж зүрх нь, банкны систем судас нь байх болов уу. Банкны системийг төв банк нь арилжааны банкуудтайгаа нийлээд бүрдүүлж байдаг. Арилжааны банкны зөвхөн нэг нь л дампуурахад бусдыгаа чирээд дампуураад дампуураад явчдаг гэж байгаам. Шалтгаан нь яг л дээрх жишээн дээрх шиг. Хүмүүсийг итгэл л үүнийг зогсоож чадна.
Хүмүүсийн итгэл дээр тогтож байдаг маш эмзэг зүйл боловч улс орны эдийн засгийн гол түшиг тулгуур, хурдасгуур байдаг банкуудаа аварцгаая. Ингэхийн тулд зүгээр л банкууддаа итгэцгээе. Та хадгаламжаа татах гэж байгаа бол дахиад нэг сайн бодоод үзээрэй... Бас энэ бичлэгийг илүү олон хүнд тараагаарай.

