cat-right

Мэдээллийн технологийн аутсорсингийг төрөөс дэмжин хөгжүүлэх нь.

Өнөөдөр дэлхийн мэдээллийн технологи (МТ)-ийн зах зээл асар хурдацтайгаар хүрээгээ тэлж улам бүр глобаль шинжтэй болж байна. Дэлхий дээр энэ салбарт зардаг мөнгөний хэмжээ жил бүр өссөөр 2003 онд 1.4 триллион болсон ба түүний өсөлтийн хувь жилд 7% орчим болоод байна. Дэлхийн МТ-н зах зээл жил бүр өсөхийн зэрэгцээ улс хоорондын МТ-н экспорт, импортын хэмжээ хурдтайгаар нэмэгдэж байна. Энэтхэг мэтийн хөгжиж буй зарим орнууд энэ салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг маш амжилттайгаар экспортлож ҮНБ-ээ нэмэгдүүлж байгаа бол бусад хөгжиж буй ихэнх орнууд энэ асуудал дээр анхаарлаа чиглүүлж байгаа билээ.

Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Аутсорсинг хэмээх нэгэн шинэ үйл явц үзэгдэл маш өргөн дэлгэрч байгаа бөгөөд үүний дүнд хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнууд руу урсах хөрөнгийн хэмжээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

2002 онд АНУ-аас МТ-н үйлчилгээний (Information technology service) хөлс хэлбэрээр хилийн чанад дахь улсуудад (Энэтхэг, ОХУ, Хятад, Филиппин, Украин г.м) 1.3 тэр бум доллар гарч байсан бол 2007 онд 24.3 тэрбум[1], 2015 онд 150 тэрбум болтлоо өсөх гэсэн таамаглалтай байна[2]. 2000 онд Япон улс мэдээллийн технологийн үйлчилгээнд 7.6 тэрбум доллар зарцуулсан байна. Зөвхөн үйлчилгээнд![3] Мэдээж энэ тоо одоо нилээд өссөн байгаа.

Үйлчилгээ үзүүлэгч улсууд ч гаднаас орж ирэх мөнгөний энэ урсгалыг нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Энэтхэг улс гэхэд л 2002 онд МТ-н бүтээгдэхүүн үйлчилгээний экспортоос 8.9 тэрбум долларын орлого олсон бөгөөд энэ нь жил бүр дундажаар 25% өсөж байна[4].

Энэ бүгдээс үзэхэд манай дэлхийн мэдээллийн технологийн глобаль зах зээлийн экспорт, импорт маш хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа ба энэ үйл явцад Монгол улсыг хамруулахын тулд МХТ-ийн үйлчилгээний экспорт, импортыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болж буй Аутсорсинг гэдэг ойлголтыг өргөн олонд таниулах, түүнийг монгол улсад хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох шаардлагатай болж байна.

АУТСОРСИНГ

Аутсорсинг гэж юу вэ? Түүний ач холбогдол: Аливаа байгууллага зардлаа хэмнэж, бага зардлаар илүү өндөр бүтээмжийг бий болгох, үр ашигтай ажиллахыг үргэлж зорьж байдаг. Тэгвэл эндээс аутсорсинг гэдэг ойлголт анх гарч иржээ. Outside resourcing гэдэг үгнээс гаралтай энэхүү үйл явц, үзэгдэлийг эрдэмтэд маш олон янзаар тодорхойлсон байдаг (миний олж мэдсэнээр 20 гаруй)

Филип A. Лапланте[5], Пауан Сайн[6], Суди Биндиганавиль[7], Том Костелло[8], Марк Ландон[9] зэрэг судлаачидын тодорхойлсоноор аутсорсинг нь “байгууллага өөрийн түргэн хугацаанд гүйцэтгэгддэг ажилуудыг гадны гүйцэтгэгчийг ашиглан гүйцэтгүүлэх үйл явц” байдаг бол Канадийн үндэсний бизнес мэдээллийн зөвлөх Ранди Сойфер “бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ өөрийн боломжоор хийсэнээс илүү чанартай, хурдан хийлгэхийн тулд гадны гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахыг хэлнэ[10]” гэжээ. Мөн global sourcing issues paper дээр бичсэнээр аутсорсинг гэдэг нь “байгуулага өөрийн хийдэг зарим ажил үйлчилгээгээ гадны агент буюу бизнесийн байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх үйл явц бөгөөд тэдгээр ажлууд нь богино хугацаанд гүйцэтгэгддэг, эсвэл байгууллагын хувьд шинэ ажлууд байдаг” гэжээ.

Энэ бүгдээс нэгтгэн тодорхойлбол:

Аутсорсинг гэдэг нь байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг бөгөөд өөрийнхөө үндсэн үүрэг функцээс гадуур ажлуудыг бага зардлаар түргэн хугацаанд чанартай хийж чадах гадны мэргэшсэн байгууллага, хувь хүнийг хөлсөөр гэрээлэн ажиллуулахыг хэлнэ.

Байгууллага хилийн чанад дахь ажиллах хүчийг ашиглаж байгаа бол үүнийг offshore outsourcing буюу улс хоорондын аутсорсинг гэж нэрлэдэг бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд асар хүчтэй дэлгэрч байгаа юм.

Аутсорсинг нь үндсэн 2 хэлбэртэй байдаг:

1. Мэдээллийн технологийн аутсорсинг (ITO)

· Программ хангамжийн үйлдвэрлэлийн аутсорсинг

· МТ-н үйлчилгээний аутсорсинг

2. Бизнес үйл ажиллагааны аутсорсинг (BPO)

Мэдээллийн технологийн аутсорсингийг зохион байгуулах хэлбэрээр нь дараахь байдалаар ангилдаг:

  • Onshore: Энэ хэлбэр нь аутсорсингийн үйл ажиллагаа нэг улсын дотор явагдаж байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл onshore аутсорсингийн захиалагч болон нийлүүлэгч нь хоёул дотоодынх байдаг.
  • Offshore: Захиалагч гүйцэтгэгчээ сонгохдоо хилийн чанад дахь ажиллах хүчийг ашиглаж байгаа бол үүнийг offshore аутсорсинг гэж нэрлэнэ.
  • Insite: Аутсорсингийн гүйцэтгэгч компани өөрийн зарим мэргэжилтэнүүдийг захиалагч компани дээр ажиллуулан, холбогч багийн тусламжтайгаар бусад ар талын мэргэжилтэнүүдтэй холбогдож ажиллахийг хэлнэ.
  • Outsite: Энэ нь аутсорсингийн гүйцэтгэгч компани ажлыг гүйцэтгэхдээ тухайн захиалагч компаний ажлын байранд байрлалгүй, өөрийн ажлын байрнаас утас, интернэт гэх мэт харилцаа холбооны технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулхыг хэлнэ.

Эдгээр төрөлүүд нь хоорондоо хослож хэрэгжиж болно. Жишээ нь: offshore/insite, Onshore/onsite, offshore/onsite, onshore/ insite.

Эндээс Монгол улсад хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой хэлбэр нь Onshore/insite болон Onshore/outsite юм.

Аутсорсинг ямар ач холбогдолтой вэ? Зарим тохиолдолд Нарийн мэргэшсэн, их зардал шаарддаг ажилтнуудыг байгууллагад байнгын орон тоонд ажиллуулаад байх шаардлагагүй байдагт асуудлын мөн чанар оршино. Түргэн хугацаанд үе үе хийгддэг ажил үйлчилгээний төлөө урт хугацааны алба байлгах шаардлагагүй нь мэдээж. Тэдгээр ажлуудыг дотоодын хүний нөөцийн хүчээр гүйцэтгэхэд мэдлэг чадвар дутагддаг. Өнөө үед энэ бэрхшээлийг шийдвэрлэх хамгийн оновчтой шийдэл нь аутсорсинг болж байна.

§. Аутсорсингийн давуу талууд:

· Зардал хэмнэгдэнэ

· Байгууллага өөрийн үндсэн чиг үүрэгтээ анхаарлаа бүрэн хандуулах боломжтой болно

· Ажилчид туршлага, шинэ мэдээлэл олж авна

· Эрсдэлийг шилжүүлнэ

§.Учирч болох сөрөг үр дагаварууд :

· know how- гаа алдах магадлалтай

· Хүний нөөцийн зөрчилтэй асуудлууд үүсэх магадлалтай (байгууллагын дотоод соел, хөдөлмөрийн харилцааны ойлгомжгүй байдал гэх мэт)

· Байгууллагын нууцлал алдагдах магадлалтай

· Бусдаас хараат байдалд орох боломжтой

Аутсорсингийг зохион байгуулах : Аутсорсингийн захиалагч байгууллага аутсорсингийн ажлын хэсгийг өөрийн бүтцэд байгуулж (agency) түүгээрээ дамжуулан Аутсорсингийг зохион байгуулна. Ажлын хэсэг нь байгууллагын хэрэгцээ болон үр дүнгээ тодорхойлж стратегиа боловсруулаад түүнийхээ үндсэн дээр гүйцэтгэгч байгууллага, хувь хүнийг (vendor) сонгон гэрээг байгуулна (subcontract). Гүйцэтгэгч байгууллага, хувь хүн гэрээнийн нөхцлийн дагуу үйл ажиллагаа явуулж, ажлын үр дүнгээ шилжүүлнэ.

Зураг 1 Аутсорсингийн Мөчлөг

Захиалагч байгууллага аутсорсингийн завсрын зуучлагч байгууллагаар (callcenter, төрөл бүрийн вэб сайтууд г.м) дамжуулан гүйцэтгэгчээ олдог. Гүйцэтгэгч нь байгууллага болон хувь хүн байж болно. Зарим тохиолдолд, тухайлбал гүйцэтгэгч нь том компани байвал захиалагч байгууллага зуучлалын байгууллагаар дамжуулалгүй ажлын хэсэгээрээ дамжуулан гэрээ байгуулдаг.

Аутсорсингийн үүсэл, хөгжил: Мэдээллийн технологийн аутсорсинг гэдэг ойлголт 20 жилийн өмнөөс гарч иржээ[11]. Хамгийн анх Ирланд улс аутсорсингийг хийж байсан гэж судлаачид үздэг. Тэд эхлээд гадны томоохон компаниудын салбарыг өөрийнхөө газар нутаг дээр байгуулан ихээхэн амжилт олж байжээ. 1980 аад оны сүүлээр энэ ойлголтыг эрдэмтэд янз янзаар тодорхойлж байжээ. Яг тэр үед ихэнх судлаачид аутсорсингийг их аз туршсан дэмий зүйл гэж үзэцгээж байсан бол 1990 оны сүүлээр аутсорсинг бүр мөсөн устаж үгүй болсон гэж зарим нь баталдаг байсан. Харин сүүлийн хэдхэн жилийн дотор аутсорсинг огцом хурдацтайгаар өсөж нийт мөнгөний эргэлт нь жилд 300 тэрбум доллар болтлоо өсөөд байна.

Аутсорсинг ба дэлхийн МТ-ийн зах зээл : Улс хоорондын МТ-н аутсорсинг (offshore) –ийн зах зээл 1990 оноос эхлэн асар хурдацтай өсөж 2002 оны байдлаар энэ салбарт 300 тэрбум ам долларын гүйлгээ хийгдсэн байна. Мэдээллийн технологийн аутсорсинг нь жилд дунджаар 43% өсөж байгаа бөгөөд мэдээллийн технологийн нийт салбарын өсөлтөөс даруй 4 дахин их байна[12]. Саяхны нэгэн судалгааны үр дүнд 2010 он гэхэд дэлхийн мэдээллийн технологийн аутсорсингийн зах зээлийн эргэлт 1 триллион ам долларт хүрэх таамаглал дэвшүүлжээ.[13] Дэлхийн аутсорсингийн хурдацтай өсөлтийн гол шалтгаан нь улс бүрийн Мэдээллийн Технологийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үнэлгээ харилцан адилгүй байдагт оршиж байна. АНУ, Герман, Австри, Япон зэрэг улсуудын компаниудын удирдлагууд өөрийн орны өндөр өртөгтэй программ зохиогчдыг хөлслөн ажиллуулахын оронд хөгжиж буй орны хямд, чадварлаг ажиллах хүчийг (Энэтхэг, Хятад, Филиппин, Украйн, Орос гэх мэт) хөлслөн ажиллуулахыг эрмэлзэх болжээ.

Өнөөдөр хөгжиж буй олон орон Энэтхэгтэй өрсөлдөн, дэлхийн МТ-н зах зээлд гарахыг оролдож байна. Үүний дотор Филиппин улс ихээхэн амжилт олж байгаа ба Хятад, Вьетнам, Бангладеш, ШриЛанк зэрэг улсууд дэлхийн аутсорсингийн зах зээлд амжилт олохын тулд МТ-н салбарын боловсрол, дэд бүтэц зэрэгт ихээхэн хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн байна. Хөгжсөн улсуудын компаниуд зардлаа багасгах талаар анхаарсан хэвээр байгаа учир хөгжиж буй улсуудын МТ-н компаниудын өмнө дэлхийн МТ-н зах зээл дээр гарах өргөн боломж нээлттэй байсаар байна.

МОНГОЛ УЛСАД АУТСОРСИНГИЙГ АШИГЛАХ БОЛОМЖ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ.

Аливаа улсад аутсорсинг амжилттай хөгжих нэг гол үндэс суурь бол Э-бэлэн байдал юм. Иймээс Монголын Э-бэлэн байдалыг нэн тэргүүнд тодорхойлох шаардлага гарч ирж байна. Монголын Э-бэлтгэлийг Харвардын Их Сургуулийн Олон улсын хөгжлийн төвөөс хөгжиж буй орнуудад зориулсан “Мэдээллийн сүлжээний ертөнцөд нэвтрэх э-бэлтгэл” хэмээх судалгааны арга зүйд тулгуурлан дараах шалгуур үзүүлэлтүүдээр судалсан байна.

Ø Сүлжээ ашиглах боломж (Network Access)

Ø Интернэт үйлчилгээний зах зээл (Networк service market)

Ø Интернэт Эдийн засаг (Networked Economy)

Ø Интернэт мэдээллийн хүртээмж (Network Education)

Ø Мэдээлэл Холбооны Технологи ба Нийгэм(Networked Society)

Энэ судалгаанаас үзэхэд Монгол улсын Э-бэлэн байдал хэдийгээр бусад өндөр хөгжилтэй орнуудыг бодвол харьцангуй доогуур боловч Монголчууд бидний хувьд чамалхааргүй сайн байгаа ба ойрын ирээдүйд асар хурдацтайгаар хөгжих хадлагатай байгаа нь аутсорсингийн хөгжилд таатай боломж юм.

Зарим нэг судалгаанаас үзэхэд Монгол улс нь дэлхийн мэдээлэлийн технологийн аутсорсингд татагдан орох нөхцөл бололцоо, нөөц байгаа гэдэг нь мэдэгдэж байгаа ба гагцхүү зарим нэгэн бодлого, дэмжлэгүүд дутагдаж байгаа нь илт байна. Тухайлбал төр засгийн зорицуулалт муу, хэлний бэрхшээл, энэ талын мэдээлэл дутмаг зэрэг бэрхшээлүүд тулгардаг гэдэг нь тэдний асуултанд хариулсан байдалаас харагдаж байна. Мөн түүнээс гадна Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг зарим компаниуд аль хэдийн гадагшаа бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлчихсэн байгаа нь тэдний энэ салбарын туршлага нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.

Байгууллагуудын аутсорсингийн үйлчилгээ авдаг гол шалтгаан бол зардлалаа хэмнэх байдаг гэж дээр өгүүлсэн. Тэгвэл Монгол улсад хөдөлмөрийн өртөг доогуур байгаа нь аутсорсинг хөгжих бас нэг таатай нөхцөл болж байгаа юм.

Зураг 2 Улсуудын МТ-ийн мэргэжилтэнүүдийн жилийн

Дундаж хөдөлмөрийн үнэлгээ /ам доллар/

§. Монголын МТ-н компаниудын аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх чадварт хийсэн SWOТ шинжилгээ

Давуу талууд:

  • Боловсролын түвшин өндөр
  • Математик сэтгэлгээ сайн
  • Сурах чадвар сайтай шинэ нөхцөл байдалд амархан дасан зохицдог
  • Хямд ажиллах хүчтэй
  • Улс төрийн тогтвортой байдал
  • Мэргэжлийн ур чадварын бэлэн байдал
  • МТ-н салбарт төрийн дэмжлэг сайжирч байгаа
  • МТ-н салбарт Донор орнууд нааштай ханддаг
  • Том зах зээл бүхий улсуудтай хөршилдөг
  • Улаанбаатар хотод харилцаа холбооны дэд бүтэц хөгжсөн

Сул талууд

  • Хүн ам цөөтэй
  • Хот хөдөөгийн ялгаа их
  • Хөдөө орон нутагт МТ сайн хөгжөөгүй
  • Санхүүгийн байдал муу
  • Мэдээлэлүүд тоон хэлбэрт бүрэн шилжээгүй
  • Мэдээлэлийн системийн стандарт байхгүй
  • Хуулийн хэрэгжилт муу
  • Төрийн урт хугацааны бодлого байхгүй
  • Менежментийн болон маркетингийн мэдлэг чадвар дутмаг
  • МТ-н мэргэжилийн магадлан итгэмжлэх батламж байхгүй
  • Хэлний бэрхшээл
  • Хууль зүйн орчин бүрдээгүй
  • Аутсорсингийн ойлголт муу, зуучлах байгууллага байхгүй

Боломж

  • Хот хөдөөгийн болон тоон ялгааг гэтлэн давах
  • Гадны хөрөнгө оруулалтыг татах
  • Монголын эдийн засаг дэлхийн мэдлэгт суурилсан глобал эдийн засагруу шилжиж олон улсын зах зээл дээр өөрийн байр сууриа олох
  • Санхүүгийн зах зээлийг байгуулах
  • Мэдээлэл технологийн үйлчилгээ
  • Өрсөлдөөний нэмэгдэлт
  • Үндэсний эдийн засгийн өсөлт
  • Сургалтын төвүүд олноор байгуулагдах

Аюул

  • Чадварлаг сайн ажиллах хүчин Монгол улсаас бусад улс руу шилжих
  • Дэд бүтцийн дорой байдал
  • Утсан холбооны монопольчлол.
  • Өрсөлдөөн үгүй болох

Монгол улсад мэдээлэл холбооны технологи, дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх болон мэдээллийн аюулгүй байдал буюу мэдээллийн хүртээмж, нэгдмэл байдал, нууцлалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой хууль эрх зүйн актууд сүүлийн жилүүдэд нилээд олон батлагдан гарчээ. Тэгвэл эдгээр хуулиуд болон ирээдүйд батлагдан гарах төрийн баримт бичигүүдэд аутсорсингийн харилцааг зохицуулсан ямар нэгэн акт байгаа эсэхэд шинжилгээ хийж үзхэд одоогийн байдлаар энэ харилцааг зохицуулсан актууд алга байна. Иймээс аутсорсингийн хөгжлийг төрөөс дэмжих урдчилсан нөхцөл болох уг харилцааг зохицуулсан хууль тогтоомжуудыг төрөөс батлан гаргах шаардлагатай байна.

Харин Монгол улсын засгийн газрын мэдээлэл, харилцааны технологийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болох “Цахим Монгол” хөтөлбөрийн 7.3 аас аутсорсингийн ирээдүйн хөгжилд чухал үүрэг нөлөө бүхий бодлого арга хэмжээнүүд тусгагдсан болохыг харж болно.

Уг хөтөлбөрийн төслийн “Электрон үйлдвэрлэл (e-industry)” хэсгийн гол зорилго нь үйлдвэрлэлийн бүх салбарт МХХТ-ийг нэвтрүүлснээр олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг өсгөх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, хэрэглээг дэмжин хөгжүүлж, оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршино.

Мөн энэ бүлгийн зорилтуудад аутсорсингийн ирээдүйн хөгжилд тустай зүйлүүд тусгагдсан байна. Тухайлбал:

  • Монголын МХХТ-ийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгох
  • Электрон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд монголын програм хангамжийн үйлдвэрлэлийн оролцоог нэмэгдүүлэх, экспортын чадвартай болгох.
  • Дэлхийн түвшинд хүрсэн эрдэм шинжилгээний 5000 гаруй ажилтан болон програм хангамжийн мэргэжилтэн бэлтгэх, тэдгээрийн тал хувийг олон улсын сертификаттай болгох.

Энэ бүгдээс нэгтгэн дүгнэвэл Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа МХТ той холбоотой хуулиудад аутсорсингийн харилцааг зохицуулсан зүйл заалт хараахан байхгүй байгаа боловч саяхан батлагдан гарсан “Цахим Монгол” хөтөлбөрт тодорхой хэмжээгээр тусгалаа олсон байна. Энэ нь цаашид Төр Мэдээллийн технологийн аутсорсингийг дэмжих талаар бодлого боловсруулах хүсэл эрмэлзлэл, зорилтууд байгаа гэдгийг харуулж байна.

АУТСОРСИНГИЙГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ, ДЭМЖИХ АРГА ЗАМ.

Аливаа улсад мэдээллийн технологийн аутсорсингийг хөгжүүлэхэд төр хамгийн чухал үүрэг рольтой байдаг. Гэхдээ төр дан ганцаараа аутсорсингийг хөгжүүлнэ гэдэг бол ихээхэн хэцүү ярвигтай асуудал. Аутсорсингийг өөрийн оронд амжилттай хөгжүүлэн энэ зах зээл дээр тэргүүлээд байгаа улс орнуудын туршлагаас хархад аутсорингийн хөгжилд түлхэц үзүүлэх үндсэн гурван субьект байдаг (Зураг 3). Энэ бол Төр (Government), их сургууль мэргэжлийн сургалтын төвүүд (Academics), компани, аж ахуйн нэгжүүд (Company) юм. Энэ гурваас аутсорсингийн хөгжилд хамгийн их үүрэг, нөлөө үзүүлдэг субьект нь төр юм. Төр нөгөө хоёр субьекттэйгээ хамтран тэднийг удирдан, тодорхой төлөвлөгөө, хөтөлбөртэй системтэйгээр ажиллахад Монгол улсад аутсорсингийг богино хугацаанд чанартайгаар хөгжүүлэх боломж байгаа гэдэг нь судалгаанаас харагдаж байна.



Oval: Тєр


Аутсорсинг













Oval: Компани
Oval: Сургууль




Зураг 3 Аутсорсингийн хөгжилд чухал үүрэг нөлөө

бүхий субьектүүд

Төр аутсорсингийг хөгжүүлэхийн тулд дээрх 3 субьектийг цогцоор нь хөгжүүлэх бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулж үүндээ дараах чиглэлүүдийг тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

1. Засгийн газраас аутсорсингийг хөгжүүлэх талаар цаашид баримтлах бодлогыг боловсруулах.

2. Аутсорсинг эрхлэгч компаниудын чадавхийг дээшлүүлэх талаар төрийн дэмжлэг туслалцааг бий болгох.

3. Аутсорсингийн сургалт, боловсролын тогтолцоог сайжруулах.

Аутсорсингийн талаар төрөөс цаашид баримтлах бодлого.

Монгол улсад аутсорсингийг хөгжүүлэхийн тулд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд “Цахим Монгол” хөтөлбөрт заагдсаны дагуу аутсорсингийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна. Энэ хөтөлбөрт дараахь зүйлүүдийг тусгаж өгч болохоор байна. Үүнд:

  1. Орчин нөхцөлийг бүрдүүлэх
    • Эрх зүйн орчин
    • Санхүү, зээл, тусламж
    • Инкубацийн орчин
    • Бусад дэмжлэг, туслалцаа
  1. Монголын МТ-н бүтээгдэхүүнийг дэлхийн жишигт хүрсэн гэдгийг дэлхий нийтэд таниулах
    • Стандартжуулах
    • Сертификатжуулах
    • Сурталчлах
    • Мэдээлэх
  1. Аутсорсинг хийгч байгууллага, хувь хүмүүсийн хоорондын харилцаа холбоог сайжруулж, харилцан ажиллах боломжийг бүрдүүлэх
    • Аутсорисингтой холбоотой хурал, уулзалт, семинарыг үндэсний болон олон улсын хэмжээнд зохион байгуулах
    • Аутсорсингийн зуучлагчидтай нягт холбоотой ажиллах
    • Аутсорсинг эрхлэгчдийн төрийн бус байгууллагад туслалцаа дэмжлэг үзүүлэх

Аутсорсингийн үйлчилгээ үзүүлж болох компаниудын чадварыг дээшлүүлэх асуудал.

Мэдээлэлийн технологийн аутсорсинг хөгжихөд энэ харилцаанд оролцогч байгууллага, компани, хувь хүмүүсийн чадавхи хамгийн чухал юм. Монголын мэдээлэлийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас авсан судалгаанаас харахад мэргэжлийн мэдлэг чадвар дутагддаг гэж 10 орчим хувь нь хариулж байсан. Харин хэлний бэрхшээл, туршлага, мэдээлэл төрийн зохицуулалт дутагддаг гэж ихэнх нь хариулж байсан. Тиймээс аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх бололцоотой байгууллагуудыг дэмжиж, тэдэнд тулгардаг бэрхшээлүүдийг нь шийдвэрлэхэд төрөөс зарим туслалцаа, дэмжлэгүүдийг үзүүлэх шаардлагатай болоод байна. Энэ үүднээс аутсорсингийн харилцаанд оролцогч болон оролцох боломжтой байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх талаар дараахь бодлого, чиглэлүүдийг дэвшүүлэн тавьж байна.

  • Аутсорсингийн мэдээллээр хангах төрийн үйлчилгээг бий болгох.
  • Аутсорсингийн зуучлах төв /call center/ байгуулахыг санаачлах, дэмжих, хөнгөлөлт үзүүлэх, хүмүүсийг нь сургах
  • Аутсорсинг ашиглан экспорт хийж буй компаниудад хөнгөлөлт үзүүлэх механизм бий болгох
  • МТ-ийн стандартыг боловсруулж нэвтрүүлэх
  • Аутсорсинг ашиглан үйл ажиллагаа явуулж буй компаниудыг инкубацид бойжуулах
  • Хувь хүмүүс аутсорсинг ашиглан ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгох.

Аутсорсингийн сургалт, боловсролын тогтолцоог сайжруулах.

  • МТ-ийн паркаас мэргэжлийн сургалт зохион байгуулах
  • МТ-ийн мэргэжилтнүүдийг сертификатын сургалтад хамруулах, сертификатжуулах
  • Англи хэл, математикийн сургалтыг эрчимжүүлэх
  • Дэлхийн МТ-н зах зээлд өрсөлдөж чадахуйц мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх.
  • Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд аутсорсингийн тухай оруулж өгөх
  • Дунд сургуулиудад МТ-ийн сургалтын чанар, агуулга, төрлийг шинэ түвшинд гаргах

Ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд дэлхийн мэдээллийн технологийн салбар асар хурдацтай өргөжин тэлж байгаагийн хажуугаар улс хоорондын мэдээллийн технологийн экспорт, импорт түүнээс ч хурдан өсөж байгаа нь аутсорсинг гэдэг ойлголттой салшгүй холбоотой бөгөөд аутсорсингийн ашиг тусыг өнөө үед олон орон ойлгож, мэдрээд зогсохгүй энэ салбарт асар их хөрөнгө оруулалтыг хийж эхлээд байна. Аутсорсингийн харилцаа хөгжиж буй болон хөгжингүй улсуудын хооронд явагддаг учир хөгжиж буй зарим улс аутсорсингийг ашиглан их хэмжээний орлого олж байгаа ба аутсорсингоор дамжуулан манай улс ихээхэн хэмжээний ашиг орлого олж болох боломжтойгоос гадна аутсорсингийг Монгол улсад хөгжүүлснээр Монголын мэдээллийн технологийн хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах боломж бий болох юм.

Аутсорсинг нь МТ-н мэргэжилтэнүүдийн мэдлэг чадварын түвшин өндөр, хөдөлмөрийн үнэлгээ бага манай орны хувьд дэлхийн МТ-н зах зээл дээр гарах хамгийн тохиромжтой арга хэрэгсэл юм. Монгол орон жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээмж муу, эдийн засгийн хувьд ашиггүй байрлалтай, эрс тэс уур амьсгалтай зэрэг нь эдийн засгийн хөгжилд сөрөгөөр нөлөөлдөг. Тэгвэл аутсорсинг нь зөвхөн хүний нөөцөд л суурилдаг учираас манай улсын эдийн засгийн хөгжилд чухал нэмэр болох боломжтой юм.

Монгол улс нь аутсорсингийг ашиглан дэлхийн МТ-н зах зээл дээр гарах нөхцөл бололцоо үндэс суурь байна гэдэг нь Монгол улсын Э-бэлэн байдалд хийсэн шинжилгээ болон Монгол улсад аутсорсингийг явуулах боломжийн судалгаа зэргээс харагдаж байгаа бөгөөд гагцхүү энэ боломжоо зөвөөр ашиглаж, Монголын МТ-н мэргэжилтэнүүд болон компаниудыг дэлхийн аутсорсингийн үйл явцад оролцоход нь дэмжлэг үзүүлэхийн тулд аутсорсингийн бодлого хөтөлбөрийг Төрөөс батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монголд мэдээллийн технологиор тэргүүлэгч компаниудын дунд явуулсан асуулгын дүнгээс хархад Монгол улсад мэдээллийн технологийн аутсорсингийг хөгжүүлхэд зарим нэг саад бэрхшээл тулгарч байна. Тухайлбал:

§ Аутсорсингийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд бараг байхгүй

§ Эрх зүйн зохицуулалт орчин байхгүй

§ Мэргэжилтнүүдийн чадвар, чадавхи сул

§ Хэлний мэдлэг муу

§ Ойлголт муу

§ Сертификат байхгүй, стандарт байхгүй

§ Ганц нэг зуучлалын компани байгуулагдсан боловч үйл ажиллагаа нь мэдрэгдэхгүй байгаа.

Хэдийгээр бидний өмнө дээрх бэрхшээлүүд тулгарч байгаа боловч дээр дурьдсанчлан аутсорсингийн урьдач давуу талуудаа ашиглан тодорхой зөв бодлого хэрэгжүүлбэл Мэдээллийн технологийн аутсорсингийн дэлхийн зах зээлд гарах боломж маш өндөр байна гэдэг нь судалгаанаас тодорхой харагдаж байна. Байгууллагууд аутсорсингийн үйлчилгээ авч буй гол шалтгаан нь зардал байдаг. Зардалаа хэмнэх зорилгоор л аутсорсингийн үйлчилгээг байгууллагууд авдаг. Энэ нь Монгол шиг хөдөлмөрийн өртөг доогуур улсад нэгэн давуу тал болж өгч байна.

Аутсорсингийн хөгжүүлэхэд төр дан ганцаараа дэмжээд төдийлөн ашиггүй, тиймээс би дараахь 3 субьект хамтран нэгдсэн бодлологоор хоорондоо зохицож ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. үүнд:

§ Төр (Government),

§ Их сургууль мэргэжлийн сургалтын төвүүд (Academics),

§ Компани, аж ахуйн нэгжүүд (Company) юм.

Эдгээрээс хамгийн чухал үүрэг рольтой субьект бол төр бөгөөд нөгөө хоёрыгоо чиглүүлж, орчин нөхцлийг нь бүрдүүлж явдаг. Тийм ч учраас аутсорсингийг Монголд дэмжин хөгжүүлэхийн тулд цогц арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүний тулд дээрх гурван субьектийг хамарсан аутсорсингийн хөтөлбөр, стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж УИХ, ЗГ-аас батлан гаргах шаардлага тулгараад байна гэж үзэж байна. Энэ хөтөлбөр, төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгах нь зүйтэй гэж үзлээ.

1. Засгийн газраас аутсорсингийг хөгжүүлэх талаар цаашид баримтлах бодлогыг боловсруулах.

2. Аутсорсинг эрхлэгч компаниудын чадавхийг дээшлүүлэх талаар төрийн дэмжлэг туслалцааг бий болгох.

3. Аутсорсингийн сургалт, боловсролын тогтолцоог сайжруулах.

Цаашид энэхүү боловсруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэнээр Монгол улсын МТ-н салбар дэлхийн МТ-н зах зээл дээр аутсорсингийг ашиглан гарч цаашид өөрөө хөгжих бололцоотой юм.



[1] “Gartner” 2004

[2] Atlanta journal and constitution” 2004

[3] “Information service industry in Japan” JICA IT expert Hiroyuki IDE Dec. 2003

[4] (NASSCOM) www.computerworld.com/managementtopics/outsourcing

[5] Associate Professor of Software Engineeing, Penn State University, Great Valley School of Graduate Professional Studies, Malbern PA.

[6] President, Quantum Performance Solutions, Bethlehem PA.

[7] Chief Information Officer, Primavera Systems Inc., Bala Cynwyd PA.

[8] Principal, UpStreme Inc., Malvern PA.

[9] Chief Technology Officer, Educational Directories Unlimited, Chester PA.

[10] Report: 2004 Outsourcing opportunity and risk

[11] Lan Larkin. “Explaining the Recent Wave of Total IT Outsourcing by Global Banks” 2003

[12] Lan Larkin. “Explaining the Recent Wave of Total IT Outsourcing by Global Banks”

[13] “Mews 2002

3 Сэтгэгдэлүүд:

Боржигон-тулга Очирын Гончигдорж said...

Saihan bichleg bolson bna, Ene talaar tsaashid uluu ihiig bichij baigaarai.

boloodoi.blogspot.com

Anonymous said...

heregtei medeelel tawisan baina mash ih bayarlalaa.Daraa ene talaar bolon medeelliin technologiin talaar iluu ih medeeleel tawiarai. GOOD LUCK!!!

culture said...

mash heregtei material bn. ene ashiglasan materialaa jaahan todorhoi bicheed ogch bolohuu?

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа